Ховдод хязгаарлалтын дэглэм тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-30 10:02:41

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн тул хязгаарлалт тогтоох тухай аймгийн Засаг даргын 2021 оны А\175 дугаар захирамж гарлаа.

Жаргалант сумын иргэн О нь гуравдугаар сарын 29-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд халуурсан, ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна.

PCR шинжилгээ авахад эерэг гарч, Ховд аймагт коронавирусний халдварын нэг тохиолдол батлагдлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Гуравдугаар сарын 29-ний өдрийн 22.00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.

Мөн хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 22.00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ний өдөр хүртэл хугацаанд сургууль, цэцэрлэг, сургалтын төв, үйлчилгээний газар болон хүнс, барааны зах, худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.  

Түүнчлэн төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах ба бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахаар болжээ.

Мөн ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг нийт долоон цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана. Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.

Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж гэртээ байх, хүн хоорондын зай барих, амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Холбоотой мэдээ