Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлнө

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-23 11:03:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Хуулийн төслүүдэд, хөдөө аж ахуйд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын НӨАТ-ын болон гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөхөөр тусгажээ. 


Эхлээд, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. УИХ-ын Төсвийн байнгын хороо өглөө хуралдаж төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа, хуулийн төслийн зүйл бүрээр хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хүлэмжийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөхийг хуулийн төсөлд нэмэх, хуулийн үйлчлэх хугацааг ҮХЦ-ийн дүгнэлттэй нийцүүлэн ердийн журмаар дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин төслийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах санал гаргасныг дэмжээгүй байна. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын гишүүн асуулт асууж хариулт авлаа.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, хүн амын хүнсний хангамжтай холбоотой асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж буйг дэмжиж буйгаа илэрхийлээд, хүлэмжийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд суулгасан эсэхийг лавлалаа. Мөн хуулийн төслийн хэрэгжих хугацаатай болгох шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. 


Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад хариулахдаа, хүлэмжийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд нэмж тусгасан гэдгийг тодотгов. Ингэхдээ, ХХААХҮ-ийн сайдаас барааны кодоор зохицуулах бололцоотойг тэмдэглэсэн ч хуульд хүлэмжийн тоног төхөөрөмж гэсэн нэрээр нь зааж өгөх нь илүү зохимжтой гэж үзсэн хэмээв. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2025 он хүртэл сунгах санал гаргасныг дэмжээгүй болохыг онцлоод, Монгол Улс цаашид хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, химийн бодис, бордоог үйлдвэрлэдэг болох чиглэлд бодлого гаргах шаардлагатайг тэмдэглэж байв. 


Ингээд гишүүд асуулт асууж хариулт авсны дараа төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэснээр, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 


Дараа нь Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Байнгын хороо өглөө хуралдсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хүлэмжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхийг хуулийн төсөлд нэмэх, хуулийн үйлчлэх хугацааг ҮХЦ-ийн дүгнэлттэй нийцүүлэн ердийн журмаар дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин төслийн дагаж мөрдөх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах санал гаргасныг дэмжээгүй байна. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Н.Энхболд нар ХХААХҮ-ийн сайд болон Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авснаар Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Статистик мэдээгээр, энэ хууль хэрэгжсэнээс хойш нийт нэг их наяд 47.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлжээ. Ингэснээр, тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгасан байна. Мөн үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьд хүрсэн ч төмс, хүнсний ногооны механикжуулах шинэчлэл хангалтгүй байгаагаас тарих, хураах, соортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байна. Энэ нь зарцуулах хөдөлмөрийн нэмж өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. Нөгөө талаар Коронавируст цар тахалтай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгох эрсдэл дагуулж байгаа юм.

Холбоотой мэдээ