Э.Цэндбаатар олимпын медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-01 14:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн үргэлжил эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн 8 тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд Улаанбаатарын цагаар 16 цагт эхэлнэ.


Монголын боксдоос ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 цаг 48 минутаас Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанаа хийнэ.


А.Батыргазиев мэргэжлийн рингэнд 3 тулаан хийж, бүгдэд нь ялсан боксчин бөгөөд тэр олимпын аварга болчихоод мэргэжлийн бокст шилжих хүсэл тээж яваа аж. Харин түүнийг сүүлийн 3 олимп дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын боксчдын энэ цаг үеийн шилдэгт зүй ёсоор багтаж байгаа боксчин Э.Цэндбаатар хүлээж байгаа юм.


Мөн тус хэсэгт Кубын Ласаро Альварес, Таиландын Чатчай Бутди нар шигшээ 8-д таарсан. Гавьяат Э.Цэндбаатар орос тамирчныг ялахад, энэ хоёрын ялсантай хагас шигшээд тоглоно.



Ласаро Альварес бол Лондоны 2012 оны олимпын хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга /2011, 2013, 2015/, Панамерикийн хошой аварга. Тэрбээр хагас мэргэжлийн World Series Boxing лигт 7 тулалдан, 6 ялж, Азербайжаны Альберт Селимовт эргэлзээтэй шүүлтээр ялагдсан юм.

 

Чатчай Бутди бол 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2015 оны Азийн аварга, Зүүн Өмнөд Азийн наадмын 3 удаагийн аварга. Лондон, Риогийн олимпын наадамд оролцож байсан юм.

 

Харин шигшээ 8-ын нөгөө хэсэгт Курт Уолкер /Ирланд/ - Дюк Раган /АНУ/ болон Сэмюэл Таки /Гана/ - Сейбер Авила /Колумб/ гэсэн ширүүн өрсөлдөөнтэй тулаанууд байгаа.

 

Энэ жингийн гол тамирчин гэгдэж байсан Узбекистаны дэлхийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аварга Миразизбек Мирзахалилов, 2019 оны Европын наадмын аварга Ирландын Уолкерт ялагдсан юм.



Холбоотой мэдээ