Цар тахал хамгийн том сорилт болж буй ч өвлийн олимпын бэлтгэл хангагджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-29 15:01:11

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын орлогч дарга бөгөөд Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дэд дарга Жан Женьдун өнөөдөр өвлийн олимпын бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.

    Түүний хэлж буйгаар, Бээжин 2022 өвлийн олимп болон паралимпын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Тодруулбал, олимпын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах 12 ордны /заал, тэмцээн зохион байгуулах талбай/ бүтээн байгуулалтын ажил дуусжээ.

    Ирэх оны 1-р сарын 27-ны өдөр өвлийн олимпын хотхоныг албан ёсоор нээх ба 2-р сарын 2-ны өдөр олимпын бамбарыг дамжуулах арга хэмжээ эхэлнэ.

    Тэрээр мөн олимпын зохион байгуулалтын ажилд цар тахал хамгийн том сорилт болсоор байгааг онцолсон байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайтар хийхийн тулд олон улсын олимпын хороо, ДЭМБ зэрэг байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулжээ.

Мөн Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хороо, Бээжин хот болон Хэбэй мужийн холбогдох байгууллагууд дотоодын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тусгай багийг байгуулсан байна.      

Түүний хэлж буйгаар, өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд тавьж, ийнхүү олон улсын болон дотоодын гэсэн хоёр механизмыг байгуулав.   

Холбоотой мэдээ