Тусгай хамгаалалттай газар нутгуудад хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-19 19:55:50

Төв /МОНЦАМЭ/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын баг Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцлаа.

Ажлын баг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган, Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна. 

Ажлын баг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Богдхан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн амуудад очиж нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно хэмээж байлаа.

Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна гэдгийг хэллээ. 


Холбоотой мэдээ