ДОРНОД: Сурагчдын хөгжлийг дэмжихэд орон нутгаас онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-05 13:00:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 2017 оноос сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнгээ өгч байна. Тухайлбал, “Жаргалан кафе” төслийн хүрээнд сурагчид амт чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх боломж бүрдсэн бол анги танхимын тохижилт, материаллаг болон танин мэдэхүйн орчныг бүрдүүлсэн “Манай анги”, сумдын сургууль, цэцэрлэгүүдийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгосон зэргийг онцолж болно.  

Харин одоогоор шаардлагатай тохиолдолд сургалтыг цахимд шилжүүлсэн үед хэвийн үргэлжлүүлэх зорилготой “Цахим анги”, сургуулиудын орчимд аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль, цэцэрлэгийн бүс”, хүүхдийн экологийн боловсрол, хөгжил хүмүүжлийг дэмжих “Хүн болох багаасаа”, сургууль, цэцэрлэгүүдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангах “Сургууль, цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд”, “Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” зэрэг төсөл, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах ажлууд үргэлжилж байгаа юм.

Ийнхүү тулгамдсан асуудлуудыг системтэйгээр шийдэж эхэлснээр Дорнод аймаг ЭЕШ-ын үзүүлэлтээр улсад тэргүүлж, сургууль, цэцэрлэгийн орчин дахь зам тээврийн осол, гэмт хэргийн тоо буурсан, суралцах орчин сайжирснаар олон улс, улс, бүсийн чанартай уралдаанд тэмцээнд үзүүлэх амжилт нэмэгдэж, хүүхдийн бие бялдрын хөгжил, дархлаажуулалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний тусламжтай сурагч нэг бүрийн эрүүл мэндэд тавих хяналт сайжирсан зэргийг дурдаж болно.

Дорнод аймагт энэ хичээлийн жилд ЕБ-ын 27 сургуульд 18176 сурагч суралцана. Харин 2020 сурагч сургуулийн босго алхжээ. 

Холбоотой мэдээ