ДОРНОГОВЬ: Хоёр төрийн тамга агуулж байсан түүхт нэгэн байшин
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газрууд хийгээд анхны гэгдэх түүхэн байшин барилгын талаар хүргэж байна.
Докторын хөтлөөр Өвөр шанд руу дөтлөөд ирэхийн үест хөтлийн баруун урд энгэрт орших нэгэн жижиг байшингийн тухай зохиолч Хандын Цэдэвдорж “Морь буусан шагай” хэмээх номдоо чухал бөгөөд товчхон түүхийн сэжүүрийг хөнджээ. Эл байшинг Богд хаан уулын аймгийн их дулаан уулын хошууны Тамгын газрын дарга Пунцаг гэгч хүн 1927 онд анх бариулсан бөгөөд хошуу Тамгын газрынхаа үйл хэргийг энэ гэрт төвлөн явуулж байжээ.
Харин 1931 онд Дорноговь аймгийг Байгуулах асуудал эрхэлсэн Ардын засгийн комиссын шийдвэрээр аймгийн төвийг Хаяа сайн уснаас далай Сайншандад нүүлгэн төвлөрүүлснээр Ардын засгийн захиргаа мөн л энэ байшинд төвлөрсөн байна. Тиймээс уг байшинг хоёр төрийн үед засгийн хэргийг явуулж байсан түүхэн байшин гэж хэлж болохоор аж.
Эдүгээ энэ газрын ойролцоо аймгийн тээвэрчдийн хөшөөг байрлуулжээ.