Элэгний В вирусын эсрэг эмчилгээнд 5000 хүн хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-05 15:47:01

АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компани, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас оношилгооны төв хамтран элэгний В вирусын эсрэг “Амьжиргаа” төсөл эхлүүлснээ өнөөдөр зарлалаа.

Төслийн хүрээнд 5000 хүнийг элэгний В вирусын эсрэг эмчилгээнд хамруулах юм. Тус төслийг ЭМСЯ, Нийгмийн халамж үйлчилгээний газар дэмжин ажиллаж байна.

Манай улсын хүн амын 10 хувь нь элэгний В вирусын халдвар тээдэг бөгөөд элэгний хатуурлын 39 хувь нь үүнээс гаралтай. Одоогоор дэлхий нийтэд элэгний В вирусын эсрэг “Тенофовир” эмэн эмчилгээг хэрэглэж байгаа. Энэ эм нь вирусыг устгах чадвар 93 хувь, үрэвслийн эсрэг чанар 77 хувь, хатуурлын эсрэг чанар 74 хувь, вирусыг бүрэн устгах чанар 3 хувь бөгөөд эмэнд дасал үүсгэхгүй байдлаараа дэлхийн анагаах ухаанд хэрэглэж байгаа В вирусын эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй болох нь баталсан гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Монгол Улсын эмийн бүртгэлд энэ эм бүртгэгдсэн, хэдэн жилийн өмнөөс эмийн сангуудаар нийлүүлж ирсэн ч үнэ нь хэтэрхий өндөр байсан учраас иргэд төдийлөн эмчлүүлэх боломжгүй байсан. Харин энэхүү төслийн хүрээнд хамгийн хямд үнээр монголчууд В вирусын эсрэг эмчилгээ хийх боломжтой боллоо гэдгийг мөн хэлэв.

Эхний ээлжинд 350 хүнд энэхүү эмийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд эдгээр хүмүүс эмчилгээндээ хамран, тус оношилгооны төвийн хяналтад, маш үр дүнтэй байгаа аж.

Төслийн хүрээнд элэгний В вирустэй иргэд сарын эмэн эмчилгээг 30 мянган төгрөгөөр худалдан авах юм байна. Ингэхдээ өрхийн амьжиргааны түвшний 1-6 түвшний өрхөд амьдарч буй В вирустэй иргэдийг хамруулах юм. Иргэд вирусын эсрэг эмчилгээ хийлгэхийн тулд 11 төрлийн шинжилгээ өгч, эмчилгээнд орох хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд