ХОВД: Б.Энхболд захчин ардын 99 уртын дууг өвлөн суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-28 19:13:51

Жаргалант /МОНЦАМЭ/. “Жангар” цайны замын соёлын өвийн наадмын хүрээнд Уртын дууны уралдаан зохион байгуулж байна.

Тус уралдаанд Ховд аймгийн 17 сумаас 19 баг оролцож байгаа юм. Баг тус бүр насанд хүрэгч 10, өсвөр насны 10 гээд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл 405 өвлөн уламжлагч тус уралдааны явцад ая дуугаа өргөн, өрсөлдөж байна.


Уртын дууны уралдаанд оролцогчдын нэг бол Алтай сумын өвлөн уламжлагч Б.Энхболд. 

Тэрбээр өдгөө 65 настай. Захчин ардын  99  уртын дууг аав, ээж, нутгийн буурлуудаасаа өвлөн суралцжээ. 

Б.Энхболд гуай 35 наснаасаа эхлэн өдий хүртэл 600 гаруй сүй тавих ёслол, хуримын ёслолд ахлаачаар ажиллаж, уртын дуугаа сонордуулахын зэрэгцээ 20 гаруй шавь бэлтгэжээ. Өнөөдөр уртын дууны уралдаанд 12 шавь, залуу өвлөн уламжлагчийг дагуулан ирж, оролцож байна. 

Захчин ардын уртын дуу болох "Өндөр алтай нутаг", "Дааганд нь дасгасан дархан халиун морь", "Өндөр богдын оргил" гэх мэт дууг энэ өдөр олон нийтийн хүртээл болголоо.   

"Залуу үеийнхэн захчин ардын уртын дуугаа сонирхон сурч, өвлөн уламжилж байгаад баяртай байна. Өөрийн мэдэх дуугаа чадах хэмжээнд, аль болох олон  хүнд зааж өгөхийг хичээдэг" гэж Б.Энхболд гуай хэллээ.   

Холбоотой мэдээ