Киргизийн төрийн далбаан дээрх нарны цацрагийн хэлбэрийг өөрчилнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-30 12:01:20

БИШКЕК, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /ВВС/. Киргиз улсын төрийн далбааг өөрчлөх хуулийн төслийг парламентын анхны хэлэлцүүлгээр баталжээ.


Хуулийн төслийг санаачлагчид энэхүү чухал өөрчлөлтийг төрийн далбаанд заавал оруулах ёстой гэж үзэж байна.


Парламентын дарга Нурланбек Шакиев, парламентын гишүүн Улан Примов нар хуулийн төслийг санаачилж, Киргиз улсын төрийн далбаан дээрх нарны дүрслэлийг наранцэцэгтэй андуурахгүйн тулд цацрагийн хэлбэрийг өөрчлөхийг санал болгожээ.


Тэд нарны цацрагийн долгионтуулсан хэлбэрийг шулуун болгож өөрчлөх, мөн киргиз үндэстний гэрийн (тундук) бэлгэдэл болсон нарны дүгэрэг дээрх бүслүүрийн тоог нэмэх санал гаргасан аж.


Одоогийн төрийн далбаан дээр гурван бүслүүртэй гэрийг бэлгэдэл болгосон байдаг. Н.Шакиевын хэлснээр, Киргизийн баячуудын өргөө дөрвөн бүслүүртэй, ядуусынх гурван бүслүүртэй байсан тул бүслүүрийн тоог нэмэх хэрэгтэй гэжээ.


Ерөнхийлөгч Садыр Жапаров аравдугаар сарын сүүлчээр парламентын гишүүдийн гаргасан саналыг санаачилгыг дэмжсэн бол парламентын цөөн тооны гишүүд эсэргүүцэж байгаа юм.


Төрийн далбааг өөрчлөх асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэж парламентын гишүүн Ерулан Кокулов үзэж байна.


Киргизүүдийн олонх нь энэ санаачилгыг эсэргүүцэж, олон нийтийн сүлжээгээр #don't change кампани өрнүүлжээ. 

 


Холбоотой мэдээ