Сикхүүдийн удирдагчийг хөнөөх оролдлогод Энэтхэгийн төрийн ажилтныг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-01 15:32:24

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /VoA/. Энэтхэгийн тагнуулын албаны "ахлах офицер" гэж өөрийгөө танилцуулсан этгээдийг сикхүүдийн салан тусгаарлагчдын хөдөлгөөний удирдагч болох Америкийн иргэнийг хөнөөх хуйвалдааныг зохион байгуулсан гэж АНУ-ын прокурорууд буруутгажээ.


Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан баримт бичгүүдэд тухайн офицерын нэрийг дурдаагүй байна. Тэрбээр Дели дэх засгийн газрын ажилтнуудтай хамтран сикхүүдийн удирдагчийг хөнөөх ажиллагааг явуулахын тулд  Энэтхэгийн иргэн Никхил Гуптаг хөлсөлсөн гэдгийг прокурорын мэдэгдэлд дурджээ.


Ахлах офицер гэгдэх этгээд Н.Гуптатай олон удаа холбогдож сикхүүдийн удирдагчийг хөнөөх ажиллагааны урьдчилгаа болгож 15 мянган доллар шилжүүлсэн байна. Амласан мөнгөний нийт хэмжээ 100 мянган ам.доллар байсан ажээ.


Өдгөө 52 настай Н.Гуптаг Чехээс АНУ-д шилжүүлэн өгөх гэж байгаа аж. АНУ-д түүнийг захиалгат аллага, хуйвалдаан, хулгайн хэргүүдэд буруутгаж байгаа юм.


"Сикхүүд шударга ёсны төлөө" байгууллагын тэргүүн, АНУ, Канадын давхар иргэншилтэй өмгөөлөгч Гурпатвант Сингх Паннум сэтгүүлчдэд ярьснаар бол, Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар тусгаар тогтносон Халистан улс байгуулахын төлөөх үйл ажиллагаа ба засгийн газрыг шүүмжилсний төлөө түүнийг хөнөөхөөр завджээ.


Холбооны прокурор Дамиан Уильям хэлэхдээ "тусгаар тогтносон Сикх улс байгуулах талаар олон нийтийн өмнө үг хэлж байсан  энэтхэг гаралтай Америкийн иргэнийг Нью-Йорк хотод хөнөөхөөр хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт тухайн этгээдийг буруутгаж байна. АНУ-ын иргэдийг Америкийн нутагт хөнөөх гэсэн оролдлогыг бид үл тэвчинэ" гэсэн байна.




 

Холбоотой мэдээ