Шуурганы улмаас хоёр аймгийн 14 сум цахилгаангүй болсныг засварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-05 11:49:42

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өчигдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж, салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч цасан шуурга шуурчээ.


Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл, Увс аймгийн Зүүнхангай суманд гурван иргэн сураггүй болсон дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, эсэн мэнд олсон байна. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


Түүнчлэн Увс аймгийн Баруунтуруун, Дорнод аймгийн Баянтүмэн, Архангай аймгийн Цэнхэр сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Завхан аймгийн Баянхайрхан суманд нийт 24 зорчигчтой, найман автомашин цасанд суусан дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, аюулгүй байдлыг хангажээ.


Хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд аймгийн Дарви, Зэрэг, Чандмань сумын нутагт 16 гэр, хоёр байшин, хоёр гараашийн дээвэр, Увс аймгийн Ховд суманд нэг гэр, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хоёр гэр нурсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд ажиллаж, иргэдэд тусламж үзүүлсэн бол Ховдын гурав, Говь-Алтайн 11 суманд цахилгаан эрчим хүч тасалдсан бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажилласны хүчинд хэвийн ажиллагаанд шилжжээ. 

Холбоотой мэдээ