Киргиз-Тажикистаны 24 км урт хилийн шугамыг тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБИШКЕК, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /ТАSS/. Киргиз, Тажикистан хоёр улсын засгийн газар хоорондын хамтарсан уулзалтаар 24 км гаруй урт хилийн шугамыг тохиролцлоо. Энэ талаар Киргизийн засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээлжээ.
“Бүгд Найрамдах Тажикистан Улсын Согд мужийн Бустон хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хил хязгаарыг тогтоох, зааглах тухай засгийн газар хоорондын топограф, эрх зүйн асуудлаарх ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж Киргиз-Тажикистаны 24.01 км урт хилийн шугамыг тохиролцлоо" гэж мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн талууд
"Киргиз улсын нутаг дэвсгэрт болох дараагийн уулзалтаар" хилийн үлдсэн хэсгийн асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн
ажиллана гэж Сайд нарын танхимаас мэдэгдсэн боловч дараагийн хуралдаан хэзээ болохыг тодорхой дурдсангүй.
Одоогийн байдлаар, Киргиз улс Тажикистанаас бусад бүх хөрш оронтой улсын хил хязгаарыг тогтоох, зааглах асуудлыг дуусгаад байна.
Киргиз, Тажикистан улсууд 980 орчим км урт газраар хиллэдэг. Улсын хилийг тогтоох, газрын зураг дээр тэмдэглэх хэлэлцээр 2002 оны арванхоёрдугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд одоогоор хилийн нийт шугамын гуравны хоёроос илүүг хоёр улс харилцан хүлээн зөвшөөрөөд байна. Энэ асуудлыг шийдвэрлээгүйгээс болж тус хоёр бүгд найрамдах улсын иргэд, цэргийн албан хаагчдын хооронд галт зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөн нэг бус удаа гарч байжээ.