"Реал Мадрид"-ын хөлбөмбөгчин НҮБ-ын хүний ​​эрхийн элч төлөөлөгч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-06 16:40:17

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /RIA Novosti/. "Реал Мадрид" клубын хөлбөмбөгчин Винисиус Жуниор НҮБ-ын хүний эрхийн элч төлөөлөгч болсноо өнөөдөр зарлалаа.


Бразилийн хөлбөмбөгчин хэд хэдэн удаа өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчдийн доромжлолын золиос болж байжээ. Энэ оны нэгдүгээр сард "Атлетико Мадрид"-ын  хөгжөөн дэмжигчид "Реал Мадрид" клубийн ойролцоох гүүрэн дээр "Мадрид хот Реалыг үзэн яддаг" гэсэн бичээстэй баннер өлгөж, Мадрид хотын гудамж талбайд мөн ижил төстэй сурталчилгааны самбаруудыг байрлуулж байв. "Реал Мадрид" клуб эдгээр үйлдлийг Винисиус Жуниорын эсрэг "арьсны өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах харамсалтай жигшүүрт үйлдэл" гэжээ.


"Энэ жил спорт, нийгэм дэх алагчлах үзлийг арилгахын тулд бидэнд хийх зүйл их бий гэдгийг надад хатуу санууллаа. ​​ Тэгш байдал, хүний ​​эрхийн төлөөх бүхий л хүчин чармайлтууд нь арьсны өнгөөр ​​ ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг боловсрол түгээхэд анхаарах ёстой гэдэгт би итгэж байна. Тийм ч учраас би НҮБ-ын хүний эрхийн элч төлөөлөгчөөр ажиллах болсноо зарлаж байгаадаа их баяртай байна. Би энэ ажлыг чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар, бахархалтайгаар гүйцэтгэнэ. Арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхахаас ангид, хүртээмжтэй спорттой болохын төлөө нэгдье" гэж Ж.Винисиус олон нийтийн X сүлжээнд бичжээ.


Ж.Винисиус өдгөө 23 настай бөгөөд 2018 онд Бразилын "Фламенго" багаас "Реал Мадрид"-ад шилжиж ирсэн юм. Тус багийн бүрэлдэхүүнд тэрбээр Испанийн хошой аварга, Үндэсний цомын аварга, Испанийн супер цомын хоёр удаагийн аварга, Аваргуудын лиг, УЕФА-гийн супер цом, Дэлхийн клубуудын аварга болжээ.



 

 

Холбоотой мэдээ