Гадаадын иргэн харьяатын газраас цахим үйлчилгээний шинэ систем нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-08 09:18:53

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чирэгдэл, олон шат дамжлагыг багасгах зорилгоор 2021 оноос хойш цахимжилтын ажлыг тасралтгүй хийсний үр дүнд 7-15 удаа биечлэн ирдэг иргэдийн ачааллыг хоёр удаа болгон бууруулж, цахимаар үйлчилгээ авах нөхцлийг бий болгосон байна.


Тэгвэл энэ удаад гадаадын иргэний бүртгэл хяналтын нэгдсэн шинэ системийг үйлчилгээнд нэвтрүүлж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа иргэн, хуулийн этгээдэд ДАН системийг ашиглан олон улсаас цахимаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Энэ сарын 11-нээс эхний ээлжид визийн зөвшөөрөл, виз /ГИХГ-ын төвөөс олон удаагийн виз мэдүүлэх/, оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх, түр ирэгч гадаадын иргэний 48 цагийн бүртгэл гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээний хүсэлтийг байгууллагын immigration.gov.mn сайтаар хандаж шинэ системээр хүлээн авах аж.


Харин визийн сунгалт хийх, оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх, сунгалт хийх, хасалт хийх, хаягийн өөрчлөлт бүртгүүлэх, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх, хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гэсэн долоон төрлийн үйлчилгээг immigration.gov.mn үндсэн сайтад хандан eimmigration.mn системээр хүлээн авах бөгөөд цаашид үе шаттайгаар шинэ системд шилжүүлэх ажээ. Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд immigration.gov.mn сайтад хандан үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, “Цахимаар үйлчилгээ авах” сонголтоор шинэ системд нэвтэрнэ.


Түүнчлэн уг системээр виз мэдүүлгийн цаасан суурьтай маягтыг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсын жишиг, дэлхий даяар мөрдөж буй стандартын дагуу уригдагч гадаадын иргэний гэр бүлийн гишүүд, боловсрол, харьяа улс дахь хаяг ба холбоо барих,  ажил, сургууль, ажил эрхлэлт зэрэг хувийн мэдээллүүдийг шаардах тул эдгээр мэдээллийг урьдчилан бэлтгэж, зааврын дагуу үнэн зөв мэдүүлэхийг холбогдох албаныхан санууллаа.


Шинэ системд шилжсэнээр олон улсад үйлчилгээ үзүүлэхээс гадна төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээр мэдээлэл солилцох, ГИХГ-ын бүх төрлийн үйлчилгээг нэг системээс авах, үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талууд бүрдэж байна.

Холбоотой мэдээ