Б.Муртазалиев IBF-ийн дэлхийн аварга цолоо хамгаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-20 14:06:14

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 20. /ТАСС/. Оросын боксчин Бахрам Муртазалиев 69,9 кг хүртэлх жинд Олон улсын боксын холбооны / IBF/ дэлхийн аварга цолоо хамгааллаа. Тэрбээр өчигдөр АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод болсон тулаанд Австралийн Тим Цю-г гуравдугаар үед техникийн нокаутаар ялсан байна.  


Өдгөө 31 настай, АНУ-д амьдарч буй Б.Муртазалиев дэлхийн аварга цолоо анх удаа хамгаалсан нь энэ бөгөөд тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Германы боксчин Жек Кулькайг 11 дүгээр үед нокаутаар ялснаар аваргын бүсийг зүүсэн юм. Одоогийн байдлаар Муртазалиев 23 удаа ялж, нэг ч ялагдалгүй байна. Тэрбээр Америкийн Top Rank гэдэг компанитай хамтран ажилладаг бөгөөд ихэнх тулаанаа АНУ-д хийжээ.


Харин Тим Цю энэ удаад дахин дэлхийн аварга цолыг авч чадсангүй. Өмнө нь тэрбээр Бүх дэлхийн боксын байгууллагын /WBO/ аваргын бүсийг эзэмшиж байсан бөгөөд энэ оны гуравдугаар сард Америкийн боксчин Себастьян Фундорад цолоо алдсан юм.  


Өдгөө 29 настай, мэргэжлийн боксын рингэнд 24 ялалт байгуулаад буй Т.Цю өчигдөр хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Тэрбээр дэлхийн үнэмлэхүй аварга боксчин, алдарт Константин Цю-гийн хүү бөгөөд 1994 онд Австралид төржээ. 2016 оны 12 дугаар сараас мэргэжлийн боксын рингэнд тулалдаж эхэлснээсээ хойш IBF холбооны хувилбараар Австрали, Азийн аварга, Дэлхийн боксын зөвлөлийн /WBC/ Азийн аварга, WBO-гийн Ази-Номхон далайн аварга, Бүх дэлхийн боксын холбооны / WBA/ Далайн орнуудын түр аварга зэрэг цолуудыг хүртэж байв. 

Холбоотой мэдээ