Украины нутгаар Оросын хийг дамжуулахыг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-02 10:02:50

КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 2 /VOA/. Украины тал нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрдөг Оросын байгалийн хийн тээвэрлэлтийг түр зогсоосноо зарлаж, эл шийдвэрээ "үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоос үүдэлтэй түүхэн үйл явдал" хэмээн мэдэгджээ. 


“Орос зах зээлээ алдаж байна, тус улс санхүүгийн алдагдал хүлээх болно. Европын орнууд Оросын хийнээс татгалзах шийдвэрээ аль хэдийн гаргасан. Мөн Европын “Repower EU” санаачилгад Украины хийж буй алхмыг тусгасан байгаа” гэж Украины Эрчим хүчний сайд Герман Галущенко цохон дурдсан байна. 


Лхагва гаргийн өглөө Украины Эрчим хүчний яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд, хийн тээврийн системийн дэд бүтцийн дамжин өнгөрөх хэсгийг тэг горимд ажиллуулж, Украины хэрэглэгчдэд хий нийлүүлэхийн тулд урьдчилан бэлтгэсэн гэж дурджээ.


Харин Оросын “Газпром” компани нэгдүгээр сарын 1-нд мэдэгдэхдээ, дамжин өнгөрөх хийн нийлүүлэлт техникийн болон хууль эрх зүйн боломжоос шалтгаалан зогссон гэлээ. "Москвагийн цагаар өглөөний 8:00 цагаас эхлэн Украины нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэдэг Оросын хийн нийлүүлэлт зогссон" гэж тус компани Telegram сувагт мэдээлжээ.


Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зогсоосон шалтгаан нь Украины тал “Газпром” болон Украины “Нафтогаз” компаниудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 30-нд байгуулсан гэрээг, мөн хоёр улсын хий дамжуулах системийн операторуудын хооронд байгуулсан гэрээг сунгахаас татгалзсантай холбоотой.


“Уренгой-Помара-Ужгород” хий дамжуулах хоолойгоор Тюмений ордоос олборлосон хийг Курск мужаас Украины нутаг дэвсгэрээр дамжуулан нийлүүлж байв. Уг хоолой нь Украины нутаг дэвсгэрээр дамжин Словак руу нэвтэрч, дараа нь хоёр салаалдаг байна. 


ОХУ-аас Европ руу тавьсан бусад хийн хоолой буюу Беларусийн нутгаар дайруулан тавьсан “Ямал-Европ”, Балтийн тэнгисээр дайруулан тавьсан “Умардын урсгал” хоолойнууд мөн ажиллахгүй байгаа юм. Харин ОХУ-ын Краснодарын хязгаараас Туркийн баруун хойд нутагт хий нийлүүлдэг Хар тэнгисийн ёроолоор тавьсан "Туркийн урсгал" хоолой хэвийн ажиллаж байна. Энэ хийн хоолой нь Туркээс Унгар руу тавьсан “Балканы урсгал” хоолойтой холбогддог.


Украины нутгаар дамжин өнгөрдөг байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосны улмаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровийн Молдовагийн Бүгд Найрамдах Улсад халаалт, халуун усны хангамжийг зогсоосон тухай мэдээлэл гарсан байна. 


Приднестровье нь Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш Оросыг дэмжигч хүчний хяналтад байгаа боловч энэ бүс нутгийг Молдова улсын нутаг гэж тооцдог.


Холбоотой мэдээ