"Эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй худалдаа” боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ“Интерном” номын их дэлгүүрээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй худалдаа”-г өнөөдөр тус дэлгүүрийн төв салбарт зохион байгуулав.
Уг худалдаанд Б.Батрэгзэдмаа, Б.Сарантуяа, Р.Эмүжин, Б.Эрхэмбаяр, Б.Шүүдэрцэцэг, Б.Төгсжаргал нарын эмэгтэй зохиолч оролцлоо.
Энэ үеэр зохиолч Р.Эмүжин, "Бүсгүй хүний сэтгэлийн гэрэлд бүлээн орчлон бүтэн оршдог. Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ энэ сайхан өдрийг аз жаргалтай, амжилтаар дүүрэн өнгөөрөөгөөрэй гэж хүсэж байна. Биднийг бүсгүй хүн гэдгийг үргэлж сануулж, гайхалтай сайхан мэдрэмж, бэлэг барьдаг эрчүүддээ баярлалаа" гэлээ.
Зохиолч Б.Эрхэмбаяр, "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх ээжүүд, охид бүсгүйчүүддээ хүргэе. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна. “Алганы хээ” романы маань дэд дэвтэр саяхан хэвлэгдэж гарсан. Шинэхэн номондоо гарын үсэг зурж, тамга даран бүсгүйчүүддээ өгөх боломж бүрдэж байгаад талархаж байна" хэмээв.
Иргэдийн зүгээс энэхүү худалдааг зохион байгуулж буй “Интерном” номын их дэлгүүрийн хамт олонд талархал илэрхийлж байлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баяр-Энх, "Өмнөх жилүүдэд эхнэртээ сарнай, шоколод өгдөг байлаа. Харин энэ жил илүү оюунлаг бэлэг өгөх боломж бүрдэж байна" гэв.
Ч.Ариунболд