Цэцэрлэг барих боломж нөхцөлийн талаар судаллаа

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 16:03:10

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Тая Кантер,  цэргийн туслах аташше М. Рэнээ болон тус улсын Сингапурт байрлалтай  Азийн орнуудад хүмүүнлэгийн болон тусламжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг цэргийн байгууллагын ажилтан Дрью нарын албаны хүмүүс энэ сарын 20-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон бусад холбогдох албаныхантай уулзлаа.

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад дөрвөн цэцэрлэг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний хоёрыг нь Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд барих нөхцөл боломжийн талаар санал бодлоо солилцсон юм. Говийн нөхцөлд барихаар төлөвлөсөн цэцэрлэгийн барилгыг анх АНУ-ын Аляск мужид барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд  цахилгааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи, инженерийн шийдлийг шингээсэн сайн чанарын материалаар барьдаг төдийгүй эдэлгээ, чанар нь амьдралд батлагдсан байдаг аж. Тэрээр албаны хүмүүстэй хамт явж Сайншанд болон Замын-Үүд суманд ажиллав. Харин сумдын ажил хариуцсан хүмүүс албаныханд хүн амын суурьшил, дэд бүтэцийн онцлог нөхцөл байдлыг харгалзан цэцэрлэг барьж болох тус бүр дөрвөн газрын координат, байршил бусад нөхцөл  байдлыг танилцууллаа.

Харин АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд “Бид танай сайхан оронд хүрэлцэн ирж цэцэрлэг барих нөхцөл боломжийн талаар багагүй мэдээлэлтэй боллоо. Бид буцаж очоод энэ мэдээллээ ажил хариуцсан инженерүүдийн түвшинд танилцуулах бөгөөд тэд энэ талаар шаардлагатай дүгнэлт, шийдвэрийг гаргах юм. Улмаар цэцэрлэгийн барилгыг барих санхүүжилтийг баталснаар  ирэх жил барилгын ажлыг эхлэх боломж бүрдэнэ“ гэлээ.

Дашрамд дурдахад хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа хэдий ч Сайншанд, Замын-Үүд суманд анги дүүргэлт тогтоосон стандартаас илүү байгаа юм.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ