Герман улс Турктэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам ихээр хязгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-17 09:53:10
БЕРЛИН./ТАСС/. Герман улс Туркт хоригдож буй эх орон нэгтнүүдээ суллуулахын тулд тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бүр ихээр хязгаарлах гэж байгаа ажээ. Энэ тухай Ангела Меркель бямба гарагт нийтлэгдсэн Германы “Passauer Neue Presse” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

“Бид Турктэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам ихээр хумих төдийгүй төслүүдээ ч эргэн харахаас аргагүйд хүрч байна” хэмээн канцлер хэлжээ.

Туркийн хорих газруудад одоо болтол Германы олон иргэн хоригдсоор байгаад бухимдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. “Бид бүх боломжоороо дээрх иргэдэд консулын тусламж үзүүлж байгаа. Харамсалтай нь Туркийн тал зарим тохиолдолд хүндрэл саад учруулж байна” гэж А.Меркель онцлон тэмдэглэжээ.

ХБНГУ-ын эрх баригчдын тооцоолсноор, Туркийн хорих газруудад нийтдээ Германы 50 гаруй иргэн хоригдож байгаа ба тэдгээр иргэдийг голчлон улс төрийн хэргээр баривчилсан байдаг байна. Германы иргэдийг хорьсонтой холбогдуулан тус улсын улс төрчид Анкараг ихээхэн буруутган шүүмжлэх болсон юм.

Энэ оны 10 дугаар сард Европын Холбооны орнуудын төрийн тэргүүн нар Туркийг ЕХ-нд элсүүлэх тухай хэлэлцээг дуусгавар болгох тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа ажээ.
О.Барс
Холбоотой мэдээ