АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр Вашингтонд цэргийн парад хийдэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-19 12:43:14
НҮБ./ТАСС/. АНУ цаашдаа 7 дугаар сарын 4-нд тэмдэглэдэг Тусгаар тогтнолын баярын өдрийн цэргийн парадыг Вашингтонд хийдэг болгохоор төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэрээ мэдэгджээ.

Ийм парад явуулах хэрэгтэй болохыг би энэ зун Парис яваад мэдсэн юм гэж тэрбээр тайлбарлажээ. АНУ-ын Засаг захиргааны тэргүүн Францын нийслэлд 7 дугаар сарын 14-нд айлчлахдаа тус улсын Үндэсний баярын өдөрт зориулсан цэргийн томоохон парадыг үзсэн юм. “Парист үзсэн харснаасаа сэдэл аван бид ийм баярын парадыг Вашингтонд Пенсильваны өргөн чөлөөнд хийх бүрэн боломжтой” хэмээн Д.Трамп хэлжээ.

“7 дугаар сарын 4-нд Пенсильваны өргөн чөлөөнд улсынхаа цэргийн сүр хүчийг харуулах зорилгоор жинхэнэ том парадыг зохион байгуулахаар бид ярилцаж байна. Цэргийн парадыг ирэх онд бид хийх боломжтой эсэх талаар би Цагаан ордны ажилтнуудын аппаратын дарга генерал Ж.Келли болон холбогдох албаны хүмүүстэй ярина” гэж тэрбээр ярьжээ. Мөн тэрбээр “Гэхдээ бид үүнийг хийж эхлэх нь тодорхой юм” хэмээн нэмж хэлсэн байна.

Тусгаар тогтнолын баярын өдрөөр Америкийн нийслэлд жил бүр ёслол болдог ба уг ёслолын хүрээнд цэргийн анги салбарууд оролцсон парад, АНУ-ын Конгрессын байранд концерт, орой нь салют буудлага болдог ажээ.
О.Барс
Холбоотой мэдээ