Красноярскд суух Монгол Улсын Өргөмжит консул томилогдлоо

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-12 12:02:57
Москва /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консулаар томилогдсон тус улсын иргэн Е.А.Кузьминыг хүлээн авч уулзан Өргөмжит консулын тамга, патентыг нь гардуулав.
Е.А.Кузьмин нь Монгол-Оросын Анд нөхдийн найрамдлын нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Самбогийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, Сибирский Экспресс Красноярск ХХК-ны ерөнхий захирал, Красноярскийн хязгаарын Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Монгол дахь салбарын захирлаар тус тус ажилладаг. 
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа шинээр томилогдож буй Өргөмжит консулд өөрийн хариуцсан консулын тойрогтоо Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах төдийгүй хоёр орны хүмүүнлэг, спорт, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.
Өргөмжит консул Е.А.Кузьмин Монгол Улс итгэл үзүүлж, ийм чухал албанд ажиллуулах болсонд талархал илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, ОХУ-ын Самбогийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд Монголын самбо бөхийн спортыг дэмжихээ Элчин сайдад илэрхийлэв.
Л.Нандиа
 

Холбоотой мэдээ