ХОВД: Шатрын мастерууд Ховд аймгийн иргэд, өсвөрийн шатарчидтай зэрэг тоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-26 11:39:50

Жаргалант /МОНЦАМЭ/. Монголын шатрын ноён оргил болсон тамирчид, шүүгчид, дасгалжуулагч нарын төлөөлөл Ховд аймагт зочилж, 2023 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцож, шатрын спортыг орон нутагт  хөгжүүлэхэд  хувь нэмрээ оруулж явна. 

Тэд өнөөдөр Ховд аймгийн төв талбай дээр шатар сонирхогчид болон өсвөрийн тамирчидтай нэг зэрэг тоглолт хийлээ.

Зэрэг тоглолтод их мастер С.Билгүүн, Б.Гүндаваа, МУГТ, эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, С.Чингүүн, Г.Амартүвшин, эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа, Дэлхийн шатрын холбооны мастер, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч, Дэлхийн шатрын холбооны мастер Н.Амилал гэсэн 9 тамирчин оролцож, Ховд аймгийн иргэд, өсвөрийн шатарчдын төлөөлөл 70 хүнтэй өрөг нүүлээ. Өөрөөр хэлбэл, нэг мастер тамирчин 4-5 хүнтэй нэг зэрэг шатар тоглосон юм. 

Зэрэг тоглолтыг Монголын шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбооноос хариуцан зохион байгуулсан бөгөөд оролцогчдод дурсгалын бэлэг өгч, спортын амжилт хүссэн юм. 

Монгол Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцож буй тамирчид зэрэг тоглолт хийснээр орон нутгийн шатрын спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдэж байна.

Related news