ХОВД: 100 гаруй ахмад настанд өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-02 14:44:15

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ахмадуудад зориулсан өдрийн үйлчилгээ болон явуулын үйлчилгээ өнөөдөр Ховд аймгийн Жаргалант суманд эхэллээ.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, сургах, хөгжүүлэх, эрүүлжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, "Ахмад чөлөөт эмч нар" ТББ хамтран дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

2019-2022 онд нийт 1000 гаруй ахмад настанд өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ буюу олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хүргэжээ.


Харин 2023 он гарсаар хөдөөгийн 16 суманд ажиллаж, 7000 гаруй иргэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөөд байна. Үүний зэрэгцээ эмчилгээ хийлгэх, онош тодруулах шаардлагатай иргэдтэй эргэх холбоотой ажиллаж, 100 гаруй ахмад настанд эмчилгээ, сувилгаа хийжээ.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Жаргалант сумын ахмадуудад зориулсан өдрийн үйлчилгээ болон явуулын үйлчилгээг эхлэхээр бэлтгэл хангаж, тус ажлын нээлтийг Ховд аймгийн Музей дээр хийлээ.  


Энэ удаа 100 ахмад настанд өдрийн үйлчилгээ, 8 ахмад настанд явуулын үйчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн төлөөлөл өнөөдөр аймгийн түүх дурсгал, музейн ховор үзмэрүүдтэй танилцаж, соёлын мэдлэгээ өргөжүүлсэндээ талархалтай байв.

Туршлагатай ахмад эмч нарын баг массаж, нөхөн сэргээх 10 гаруй төрлийн эмчилгээ, сувилгаа хийх замаар ахмадуудын биеийг эрүүлжүүлж байна. Мөн эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг олон чиглэлээр сургалт хийж байна. Явуулын үйлчилгээний хүрээнд асаргаа сувилгаа шаардлагатай иргэдийн гэрээр зочилж, эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөн тусалдаг байна. 


Related news