Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс УИХ-ын чуулганы танхимд зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын чуулганы танхимд зочиллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан УИХ-ын нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт улам өргөжин хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд, хатагтай Сюзан Лаянс тэргүүтэй Австралийн парламентын гишүүд, төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монгол Улсад энэ сарын 16-19-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр орны хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.