УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд амжилттай боллоо.
Дэлхийн 130 орчим гишүүн орны 630 гаруй парламентч оролцсон уг чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов. Энэ сарын 17-нд зохион байгуулагдсан ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгууль болж, нийт 8 гишүүн орны 9 парламентч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Номинчимэг тус хорооны гишүүнээр сонгогдлоо.
Тус хороо нь 10 гишүүнтэй
бөгөөд 3 гишүүний бүрэн
эрхийн хугацаа энэ сард дуусгавар болж, шинээр
сонгогдсон 3 гишүүн /Монгол,
Серби, Уганда/ 2024-2029 онд ажиллах юм. УИХ-ын гишүүн О.Номинчимэг тус хороонд
ажиллах Монгол Улсын анхны парламентч болж байна.
ОУПХ-ны
Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүд нь чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх ба ард түмний дуу хоолой
болсон парламентчдын эсрэг халдлага, зөрчлийг хянан шалгах, тэдний эрхийг
хамгаалах чиг үүрэгтэй олон улсын цорын ганц бүтэц юм. Түүнчлэн тусгай хороо
нь одоогоор 47 гишүүн орны 760 гаруй парламентчдын эрхийн зөрчлийн талаар хянан
шалгаж байгаа бөгөөд үүний дотор парламентч асан С.Зоригийн хэрэг багтсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.