ХӨВСГӨЛ: Барут Марк хоттой Мөрөн хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сум ХБНГУ-ын Барут Марк хоттой 14 дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Барут Марк хотын дарга Петер Илкийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Тус уулзалтаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, аймгийн түвшинд өргөжүүлэх, европын бяслаг үйлдвэрлэлийн соёлыг дэлгэрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, Мөрөн сумын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт татахад хамтран ажиллахаар боллоо.
Мөн модны хаягдлыг дахин боловсруулан сайжруулсан түлш үйлдвэрлэх, Герман мэдээллийн төвийн орчныг жишиг хороолол байдлаар хөгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Барут Марк хот хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн суманд 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 1,6
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.