Иван Ярыгиний цомын тэмцээнд 400 гаруй бөхчүүд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-14 10:43:57

КРАСНОЯРСК, 2025 оны нэгдүгээр сарын 14. /ТАСС/. Энэ сарын 23-26-ны өдрүүдэд Красноярск хотод болох Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын тэмцээнд дэлхийн 23 улсын 400 гаруй бөхчүүд оролцоно гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээллээ.


“Тэмцээнд ирээдүйн од тамирчид болон дэлхий, Европ тивийн туршлагатай аваргууд оролцох бөгөөд эрэгтэй ба эмэгтэй бөхчүүд 10 жинд медаль, цом, мөнгөн шагнал, шилдэг бөхийн шагналын төлөө өрсөлдөнө” гэж дээрх мэдээлэлд дурджээ.


Энэ удаагийн тэмцээнд Мексик ба Кубын бөхчүүд оролцохоор төлөвлөж байгааг Красноярскийн хязгаарын Спортын сайд Денис Петровский хэллээ.


Тэмцээний үеэр Красноярск хот дахь нэрт дасгалжуулагч Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит бөхийн Академид дунд сургуулийн сурагчдад зориулсан танилцах аяллыг зохион байгуулж, мастер ангиллын сургалт явуулах ажээ.  


Иван Ярыгины нэрэмжит цомын тэмцээн 1990 оноос хойш явагдаж байгаа бөгөөд анхны тэмцээн Абакан хотод болсон бол түүнээс хойш Красноярск хотод зохион байгуулж байгаа юм.  


Өнгөрсөн оны тэмцээнд Оросын баг 15 алт, 10 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, албан ёсны бус дүнгээр тэргүүлсэн бол Монголын баг тамирчид 4 алт, 7 мөнгө, 2 хүрэл медальтайгаар удаалж, Беларусийн бөхчүүд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээр гуравдугаар байрт шалгарчээ. 

Related news