“Зар сурталчилгааны технологи” ашигласнаар цахим ажиллагааг ил тод болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-03 16:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Цахим дайралтад өртөж буй сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж буй. Учир нь төр, төрд хамааралгүй байгууллагууд сүүлийн жилүүдэд тандан мөрдөх технологийн дэвшлийг их хөгжүүлж байна. Их хэмжээний өгөгдлийг цуглуулах, хиймэл оюун ухааны хөгжил зэрэг нь сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувь хүний нууцлалд олон арга замаар нөлөөлж байна. Үүнийг онцлох үүднээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дээрх сэдвээр тэмдэглэн дэлхий нийтийн анхаарлыг хандуулж буйг өнөөдөр ЮНЕСКО, “Глоб интернэшнл төв” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгээр хөндлөө.




Өгөгдлийн нууцлал, өмчлөлийг эрхийг сэргээх, ил тод байдлыг хангах нь дур зоргоор мөрдөн тагнах, ХМХ-ийн оршин тогтнох чадварыг алдуулж, олон нийтийн илтгэлийг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх арга зам болохыг иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнууд ухамсарлан ойлгох боллоо. Тиймээс интернэт болон цахим үйлчилгээ эрхлэгч нар “Зар сурталчилгааны технологи” ашиглах зэргээр компаниудын үйл ажиллагааг илүү ил тод болгох шаардлага тулгарчээ.

Ингэснээр ХМХ-ийн оршин тогтнох чадвар, мөн цахим платформ ашиглан түгээсэн мэдээллийн орлогоос хувь хүртэх замаар хэлэлцээр хийхэд тусалж чадна. Ил тод байдлыг илүү нэмэгдүүлэх, хувийн нууцлалыг сайтар хамгаалах нь интернэт үйлчилгээ эрхлэгчдийн хариуцлагыг дээшлүүлж, цахим экосистемийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр чөлөөт, мэргэжлийн сэтгүүл зүйн бэлтгэсэн агуулгыг ашиглахдаа цахим харилцаа, холбоо шударгаар ханддаг гэдэгт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэдгийг хэлэлцүүлгээр хөндөж байлаа.




Глоб Интернэшнл төв Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд "КОВИД-19 ба Иргэний улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг" төслийг хэрэгжүүлснээ хэлэлцүүлгээр танилцуулав. Төслийн хүрээнд "Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа" авсан бөгөөд сэтгүүлчдэд тулгарсан мэргэжлийн эрхийн зөрчлийг илрүүлэх, бүртгэх, нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулахыг зорьжээ.

Судалгаанд оролцсон 223 сэтгүүлчдийн 61 хувь нь буюу 142 нь "Ямар субьект сэтгүүлч, ХМХ-ийн ажилтнуудын эрх ашгийг хамгийн их зөрчдөг вэ" гэсэн асуултад "Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд" гэж хариулсан байна. Харин 42 нь хууль сахиулагч, 40 нь ажил олгогч хэмээжээ.



Судалгаанд оролцогчдын 47 хувь нь ажил үүргээ гүйцэтгэх явцад эрхээ зөрчүүлсэн бөгөөд ихэвчлэн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрх нь зөрчигдсөн байна. Эдгээр зөрчлийн тал нь 2020 онд болжээ. Гурван сэтгүүлч тутмын нэг нь доод тал нь нэг удаа техник хэрэгсэл, эд зүйлээ хураалгаж эсвэл эвдүүлж байсан аж. Иймд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахын тулд эрх зүйн орчныг сайжруулах шаардлага нэн тэргүүнд байгаа нь судалгаанаас харагджээ.




Өнөөдрийн хэлэлцүүлгийг Европын холбоо, Нээлттэй нийгэм форум дэмжин зохион байгуулж, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никейз нарын албаны хүмүүс, ХЭҮК, Монголын Хэвлэлийн зөвлөл, Монголын Харилцаа холбооны зохицуулах газрын удирдлага, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.






Гэрэл зургуудыг Н.Батбаяр 

 

関連ニュース