АНУ Сирийн 10 мянган дүрвэгчийг хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-11 11:36:36

ВАШИНГТОН. /Xinhua/. Ирэх онд Сирийн 10 мянган дүрвэгчийг манай улс хүлээж авна гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ.

Цагаан ордны Хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жон Эрнестийн мэдэгдсэнээр, энэ оны 10 дугаар сараас эхлэх ирэх оны санхүүгийн жилд 10 мянган дүрвэгчийг хүлээж авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама засаг захиргаандаа үүрэг болгожээ.

Ойрхи Дорнод болон Хойд Африкийн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд АНУ гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэж Эрнест хэлсэн байна.

Дүрвэгчид нэрийдлээр террористууд орж ирж болзошгүй гэж түгшиж буйгаа АНУ-ын Засгийн газар илэрхийлсэн юм. Тус улс цагаачдыг хүлээж авах төлөвлөгөөгөө болгоомжтой хэрэгжүүлэх аж.

Африк болон Ойрхи Дорнодоос Европт очих цагаачид болон дүрвэгчдийн цуваа тасрахгүй байгаа энэ үед АНУ 10 мянган дүрвэгчийг хүлээж авахаа зарлалаа. Он гарснаас хойш Европт 380 мянга гаруй цагаач болон дүрвэгч очоод байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд