Монгол ба Төв Азийн судалгааны төв үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-16 16:16:09

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн дэргэд Монгол ба Төв Азийн судалгааны төвийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү төв нь Төв болон Азийн орнуудын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, арга туршлага солилцох, цаашлаад бүс нутгийн судалгааг идэвхжүүлэхэд чиглэх юм. Мөн Төв Азийн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын талаар түүх, археологи, нийгэм соёлын антропологийн судалгаа хийх, гадаад орны холбогдох байгууллагуудтай эрдэмтэн судлаач солилцох, мэргэжил дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гадаад, дотоодын бусад байгууллагуудтай эрдэм шинжилгээний бүтээл, ном, өгүүлэл солилцох юм.

Тус хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун хэлэхдээ, “Дэлхий дахин, тив, бүс, нутгийн түүхийг үнэн зөвөөр бичиж боловсруулахад олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа чухал. Үүнд эрдэмтэн судлаач бүр санаа тавих ёстой. Энэхүү судалгааны нийгэмлэгийг байгуулах санаачилгыг өнгөрсөн оны  8 дугаар сард болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлаас Уильям Вольгсам, Ирина Морозова, Юки Коногая нарын эрдэмтэдтэй ярилцаж тохирсон.

  Монгол Улсын хуулинд гадаадын иргэд тус байгууллагын хүндэт гишүүн байх ёстой бөгөөд энэ дагуу анх үүсгэлцсэн гадаадын иргэд манай хүндэт гишүүн юм. Манай байгууллагын урилгаар хүрэлцэн ирж, нээлтийн ёслолд оролцож байгаа ХБНГУ-ын эрдэмтэн Ирина Морозова, Японы эрдэмтэн Юки Коногаяа нарт талархал илэрхийлье. Бид нягт хамтран ажиллаж,  Ази судлалд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд