Хэнтий нутгаас Монгол Улсын гавьяат мeханикжуулагч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-22 22:11:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойгоо Хан Хэнтийчүүд бахдам амжилтаар угтаж байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат агрономичоор Биндэр сумын "Амжилт" компанийн захирал Ц.Аюурзана, Монгол Улсын гавьяат мeханикжуулагчаар Баян-Адарга сумын "Идэр Онон" компанийн захирал М.Оюунжаргал нар тодорч шагналаа гардан авчээ. Ингээд улсын тэргүүний хоёр удаагийн тариаланч хамт олон "Идэр Онон" ХХК-ийн тариан талбайгаас сурвалжилснаа хүргэе.

 

2003 онд байгуулагдсан “Идэр-Онон” ХХК 16 дахь намрынхаа өтгөн шаргал тариагаа хурааж авлаа. Нэгжээс 28 цн авч 2005, 2010 онд “Аймгийн тэргүүний тариаланч” хамт олон, 2011, 2016 онд “Улсын тэргүүний тариаланч” хамт олон цол шагнал хүртжээ. 2014 онд атрын 55 жилийн ойгоор хамгийн өндөр ургац авсан амжилтаараа шалгарч байсан бол өнөө жил ч хамгийн өндөр ургац авсан аж ахуйн нэгжээр шалгарч атрын 60 жилийн ойдоо бэлэг барьжээ.

М.Оюунжаргал захирал өөрөө ХАА-н техникийн инженер хүн болохоор үржил шим сайтай багахан талбайгаас их ургац авах зорилготой ажиллаж талбайдаа тохирсон техниктэй байхыг илүүд үздэг. Шинэ техник авсан компаниудаас хуучин техникүүд цуглуулж түүний талбайд алдарт НИВА комбайнууд яах ч үгүй тариагаа хурааж л байна. 30 жилийн настай НИВА хамгийн сүүлийнх нь. Хуучин туршлагатай механикжуулагчид нь ч НИВА комбайнаа мэддэг болохоор амар гэцгээнэ. Бид бүгдээрээ цуг тэтгэвэртээ гарна биз дээ гэж Оюунжаргал маань хошигнов.

 

- Бид 28 жилийн өмнө яг энэ нэгдлийнхээ тарианаас эхлэн хамт явсан хүмүүс. Дамчаа, Мандах, Ганбаатар, Чинбат, Цэцгээ, Болдоо гээд ахмад дунд үеийнхэн маань одоо ч цуг ажиллаж байна. Манай үтрэм шиг үтрэм ховор шүү. Чинбат маань үтрэмээ үнэхээр сайхан авч явж байна. 60 гарсан хүн комбайн бариад талбайд явна гэдэг хатуу шүү дээ гэлээ.    

Техникийн шинэчлэл хийгээгүй “Идэр-Онон”-ыхон технологийн шинэчлэлийг харин сайн мөрдөж байнаа. Хуучин комбайнууддаа сүрэл цацагч хийгээд талбайдаа шууд сүрлээ цацаж хөрсөө хамгаалж байна. Цомхотгосон технологийг мөрдөж хөрсөө бага хөндөх болжээ.

-          Манай хөрс бол алтан хөрс. За бараг алтнаас ч үнэтэй хөрс дөө. Дадал, Норовлин, манай хөрс бол алтнаас илүү шүү. Хаврын хавсарга шуурга маш их болж байгаа нөхцөлд 2021 оноос талбайгаа нэлэнхүйд нь тарих болно. Зурвасанд хор цацахад тохиромжгүй. Тэгэхээр хими механик боловсруулалтаа холиод явна. Хөрсөө хучлагатай үлдээж байхгүй бол хайран болж байна гэж тэрбээр өгүүлэв.  

Газар тариалангийн үйлдвэрлэлийг авч явах хамгийн гол зүйл нь ерөөсөө санхүү. Хоёрдугаарт, ажиллах хүч, гуравдугаарт техник. Энэ гурвыг зохицуулахгүй бол алдана. Нөгөө талаар уринш сайн байхад үр муутай бол явахгүй. Тэгэхээр тарианд таван үндсэн хүчин зүйл чухал. Нэгт чийг, хоёрт хөрсний үржил шим, гуравт нарны гэрэл, дөрөвт дулаан, тавд, агаар. Энэ таван хүчин зүйл дээр тариалсан ургамал ургана. Ер нь агроном, инженерийн мэргэжлийг сурч дуусахгүй зоосны хоёр тал юм.

Оюунжаргал захирлын баримталдаг зарчим энэ. Үүний цаана асар их нарийн тооцоо судалгаа, цаг хугацаатай өрссөн ажил нь багтана. Оюунжаргал ч үүнийг ёстой нэг тооцоолж ажилладаг билээ. Энэ ч утгаараа эднийхэн тариатай, малтай, гахайтай, гурилын үйлдвэртэй, зочид буудал зоогийн газар бүхий “Эзэнт гүрэн”-ийг байгуулсан хүн.  

Холбоотой мэдээ