Сүхбаатар аймгийн баг улирлын хоёр дахь ялалтаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит 2 тоглолт даваа гарагт болсон бөгөөд эхнийх нь Баянхонгор Мазаалай болон Сүхбаатар Дарьганга Альянс Тех багуудын хооронд өрнөж Сүхбаатарын баг 108:93-аар хожлоо.
Тус тоглолтод Сүхбаатар багаас А.Гансүх болон Б.Батзолбоо нар 20-иос дээш оноог авч багаа тэргүүлэв. Харин эсрэг багаас Н.Ганбаатар 26 оноо, 14 бөмбөг самбараас авсан сайн тоглолт гаргажээ. Ийнхүү Сүхбаатар баг 2:2 гэсэн амжилттай болж, Баянхонгор Мазаалай баг нэг хожил хоёр хожигдолтой байна.
Дараагийн тоглолт Ховдын Шонхорууд Улаанбаатар багийн эсрэг хийж 126:99-өөр улирлын эхний ялалтаа авч чадлаа. Тус тоглолтод Шонхорууд хурдан довтолгоогоор өрсөлдөгчөөсөө 20 оноог илүү авсан. Мөн самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, довтолгоо зэрэг үзүүлэлтээр өрсөлдөгчөөсөө илүү байсан юм. Тус тоглолтод Шонхоруудаас Э.Дорж-Арилд, Б.Эрхэс нар 20 оноог тус тус авсан юм. Ийнхүү Ховд Шонхорууд улирлыг нэг хожил, хоёр хожигдолтой болов.