Иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-26 16:21:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах хугацаа 7 хоногоор сунгагдаж байна. 


ДЭМБ болон олон улсын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар, шинэ коронавирусний нууц үе 14 биш 5.5-19 хоног байгааг тогтоожээ. Тиймээс тусгаарлах хугацааг сунгахын сацуу гурван тусгай нислэгийн хоёрыг нь явуулахаар шийдвэрлэжээ. УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, "Сүүлийн дөрвөн тусгай нислэгээр мянга орчим иргэн ирж тусгаарлах байранд орсон. Тэдний тусгаарлах хугацааг 7 хоногоор сунгалаа. Учир нь дараагийн нислэгээр ирэх хүмүүсийг тусгаарлалтад авахад тусгаарлах байрны хүрэлцээ бага байна. Тиймээс эхний ээлжинд хоёр тусгай нислэгийг хүлээн авахаар шийдвэрлэлээ" хэмээв. 


Мөн гадаадаас ирж тусгаарлагдаж байгаа иргэд дотооддоо нэг нэгэндээ халдвар тараах эрсдэл байгаа тул хүн тус бүрийг нэг өрөөнд тусгаарлах шаардлага байгааг УОК-ын хуралдаанд ЭМЯ-ны дэвшүүлсэн саналыг дэмжсэн байна. Одоогоор тусгаарлалтад байгаа иргэд нэг өрөөнд 2-4 хүн байрлаж байгаа юм. Тусгаарлах хугацаа сунгасантай холбогдуулан тусгаарлах байрны төлбөрийг 350 мянгаар нэмж, нэг сая 50 мянга болсныг мэдээлэв. Харин өмнө нь тусгай нислэгээр ирж тусгаарлагдсан хүмүүсийн 350-500 хүртэл сая төгрөгийн нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.


Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг энэ сарын 2-нд, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд энэ сарын 3-нд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусний шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны нэг сая 50 мянган төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина. Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллах аж.


Хүн тус бүрийг нэг өрөөнд тусгаарлах болсонтой холбогдуулан зочид буудал, аж ахуйн нэгжүүдтэй дайчилгааны хуульд зааснаар хамтран ажиллах боломжийг судалж, албан бичиг хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ