АН-ын зөвлөл эдийн засгийн эрсдэлийг даван туулах тогтоолын төсөл өргөн барина

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-30 14:35:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр цахимаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж, нийгэм, эдийн засгийн бодит байдалд хийсэн зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын судалгаатай танилцав. 


"COVID 19" халдвар тархахаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр 6000 орчмоор багасаад байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь багасаж, 20 орчим хувийнх нь ажил доголдож, зогсонги байдалд оржээ. Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар багасаад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол хийх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс цаашид ч УИХ болон Засгийн газар ажлын байрыг хадгалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдэлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.


Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг хэлсэн юм.


Хуралдаанд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар харилцан санал солилцлоо.


Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

Холбоотой мэдээ