Хятадын зүүн хойд нутгийн гурван муж коронавирусний халдварын шинэ төв болоод байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-13 15:32:57

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадад дотоодын гаралтай коронавирусний тархалт хэд хэд бүртгэгдэж хойд нутгийн гурван муж коронавирусний халдварын шинэ төв болоод байна.

            Хубэй мужид ч мөн дахин халдвар илэрсэн бөгөөд газар бүрт тархалтаас сэргийлэх, хязгаарлах ажлыг оновчтой зохион байгуулахгүй бол дахин халдвар дэгдэх магадлалтай байна.

            Тухайлбал, энэ сарын 10-ны өдөр Хятадад шинээр коронавирусний халдвар авсан 17 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь дотоодын гаралтай тохиолдлууд байв. Эдгээрийн 5 нь Уханьд бол үлдсэн 5 нь Хятадын хойд нутгийн Хар мөрөн, Жилинь, Ляонин мужуудад бүртгэгджээ.

            Хойд нутгуудад гарч буй халдваруудын ихэнх Жилинь мужийн Шулань хотоос гаралтай байна. Шулань хотын дарга өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Хотын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, дайны үеийн байдалд шилжин хамгийн хатуу арга хэмжээг аваад байна” гэжээ.

            Шулань хотод энэ сарын 7-ны өдөр дотоодын гаралтай халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс өмнө 73 өдрийн турш дотоодын гаралтай шинэ тохиолдол Жилинь мужид бүртгэгдээгүй байсан юм. Улмаар өнгөрсөн хоёр өдрийн дотор тус хотод хоорондоо харилцан хамаарал бүхий 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

            Мөн тус хотоос гаралтай халдвар Ляонин мужийн Шэньян хот руу тархсан бөгөөд эдгээр хамааралтай тархалтын тоо 16 хүнд хүрээд байна.

Холбоотой мэдээ