Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын ажлын хөтөлбөр боловсруулахдаа цар тахлыг даван туулахад илүүтэй анхаарсан

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-24 18:33:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явууллаа.


Тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “COVID-19 цар тахлын үеийн хөтөлбөр” гэж хэлж болно. Тийм ч учраас боловсруулахдаа халдварт цар тахлаас хүн амаа хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан" хэмээв. Тус хөтөлбөр нь 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилттой юм.  



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхболд нар асуулт, асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд бүсчилсэн хөгжлийг аймаг орон нутагт тэгш явуулахаар тусгах, Н.Алтанхуяг Эрдэнэбүрэнгийн усан цахилгааныг ямар эх үүсвэр, өртгөөр барих, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэзээ эхлэх, ямар шалгуур үзүүлэлт тавих талаар, Н.Энхболд технологи нарийсаж, хямдарсан учир сэргээгдэх эрчим хүчний технологийг өндөр өртгөөр худалдаж авахгүй байх талаар асууж, хариулт авсан.  


Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар үг хэлж, санал гаргалаа.


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ