Худгийн ус хадгалах савуудыг шинэчилж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-15 14:53:06

Булган аймгийн 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Булган сумын гэр хорооллын ус түгээх байрны ус хадгалах савыг солих ажил эхэлсэн. Нийт 36 сая төгрөгийн өртөгтэйгөөр   3, 5, 8, 9, 11, 12, 13, 14-р ус түгээх байрнуудад суурилагдсан ус хадгалах савыг "Булган мээж" ОНӨмчит ХХК бүрэн шинэчилж дуусаад байна.

Өмнө нь ашиглаж байсан ус хадгалах сав нь зориулалтын бус, төмөр материалтай тул зэврэх, бохирдох асуудал их үүсдэг, олон жил ашиглагдсаны улмаас цоорч муудсан, цэвэрлэхэд төвөгтэй байсан тул олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй, өндөр нягттай полиэтилен хүнсний зориулалтын HDPE төрлийн хуванцар бэлдэц материалаар хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, элдэв амт үнэр шингэхгүй зориулалтын хуванцар саваар сольж байгаа юм.

Зориулалтын ус хадгалах саваар сольж суурилуулснаар зэврэлт үүсэхгүй, цэвэрлэж ариутгахад хялбар, бохирдол үүсэхгүй болж байгаа давуу талтай бөгөөд гэр хорооллын иргэд эрүүл ахуйд нийцсэн усаар хангагдахад дахин нэг алхам ойртсон том ахиц болж чадлаа хэмээн иргэд ам сайтай байна.

Цаашид Зүүн түрүүний, мөн 6 дугаар хорооны худгийг шинэчлэх засварлах ажлыг хийхээр төлөвлөж байна.

                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ