УДШ-ийн нийт шүүгчид цуглах боломжгүйг ЕТГ-т мэдэгдэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-23 09:23:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүх /УДШ/-д хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-т хүргүүлсэн тухай Улсын дээд шүүхээс өнөөдөр мэдээлэв. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.00 цагт Улсын дээд шүүхэд хүрэлцэн очиж МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж,
 нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар ЕТГ-аас УДШ-д хандсан байна. Энэ дагуу УДШ-ийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. 


УДШ-ийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад ажлыг хязгаарласан. Мөн зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч УДШ-ийн нийт шүүгч өнөөдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  ЕТГ-ын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.


Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын үед УДШ нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг ЕТГ болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Холбоотой мэдээ