Б.Болд: МОНЦАМЭ агентлаг мэргэжлийн "туг"-ийг ямагт өндөр өргөж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-03 16:38:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад өнөөдөр төрийн одон, медаль хүртээв.


Одон, медалийг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг гардуулсан бөгөөд Монголын сэтгүүл зүй, тэр дундаа МОНЦАМЭ агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, уран бүтээлчдийг төр үнэлснийг тэмдэглээд, баяр хүргэв.



Тус агентлагаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтангадас одонгоор 9, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11 ажилтан энгэрээ мялаалгав. 


Шагнал хүртсэн ажилтнуудын сэтгэгдлийг хуваалцлаа. 



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн Булган аймаг дахь сурвалжлагч М.Батжаргал: Миний хувьд, МОНЦАМЭ агентлагтай 30 гаруй жил ажил, амьдралаа холбожээ. 1994 онд Булган аймаг дахь сурвалжлагчаар ажиллахдаа, олон алдартай сэтгүүлчидтэй мөр зэрэгцэж байсан. Одоо ч залуу сэтгүүлчдийнхээ хамт хүчин зүтгэж байгаадаа бахархдаг. Намайг Булган аймгийн монгол хэлний багш, МУГБ н.Цэдэв гэж хүн анх сэтгүүлч болгож байлаа. Тухайн үед аймгийн сонинд мэдээ бичиж байхдаа сэтгүүлч болох мөрөөдөлд хөтлөгдөж байв. Манай МУИС-ийн сэтгүүл зүйн 1984 оны төгсөлтөөс Монголын сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн олон. Тухайлбал, Төрийн шагналт, зохиолч Б.Цэнддоо, СГЗ Б.Ерэнтэй, сэтгүүлч Ш.Цэрэнпил, н.Цоож, Ш.Содномжамц зэргийг дурдаж болно. Нэгэн цагт манай ангийн 10 гаруй төгсөгч МОНЦАМЭ агентлагт нэг редакц болон ажиллаж байсан нь бахархалтай. Агентлагийнхаа хамт олонд далай их жаргал, тэнүүн сайхан амьдрал бэлгэдье.



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн Төсөл, хамтын ажиллагааны албаны менежер Д.Сайнбаяр: МОНЦАМЭ агентлаг Монголын нэг зууны түүхийг бичсэн. 1921 онд Ардын хувьсгал ялах үед "Монголчуудын бослого" нэртэй анхны мэдээгээ цацсан үеэс түүх нь эхэлдэг. Өнөө жил 100 жилийн ой нь тохиож буй  бөгөөд энэ үед төрийн одон хүртэж байгаа нь миний хувьд том хувь заяа. Үүнийг төрөөс энэ байгууллагад өгч буй шагнал гэж бодож, түүхээ бичиж яваа хамт олондоо талархаж байна. Монголын сэтгүүл зүйд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг дэлхий дахинд эергээр түгээдэг байгууллага бол МОНЦАМЭ юм.



Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн Хэвлэх үйлдвэрийн дарга С.Баярсайхан: 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд, МОНЦАМЭ агентлагийн захиалгаар тухайн үеийн ЗХУ-ын Новосибирск хотын холбооны сургуульд суралцаж төгссөн. Түүнээс хойш 39 жил энэ байгууллагатай ажил, амьдралаа холбосон байна. Төрийн ивээл хүртэж буй нь хамт олон, гэр бүл, аав ээжийн маань гавьяа юм.



Алтан гадас одон хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны сурвалжлагч Б.Болд: Монголын үндэсний мэдээллийн агентлагийн 100 жилийн ойн босгон дээр шагнуулж байгаадаа туйлын баяртай байна. Хамгийн гол нь энэ байгууллагын хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд энэ шагналыг хүртэж байгаагаа цохон тэмдэглэх нь зүй. Монгол Улсын сэтгүүл зүйн ууган байгууллага МОНЦАМЭ бол мэргэжлийн тугийг ямагт өндөр өргөж ирсэн. Энэ байгууллагад олон мундаг сэхээтэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархдаг. Миний хувьд, 1990 онд ОХУ-ын Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж эх орондоо ирээд "Засгийн газрын мэдээ" сониноос хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш сэтгүүл зүйн салбарт 30 жилийнхээ ажил үйлсийг зориулжээ. Намайг анх сэтгүүлч болох үед тунгалаг цутгаж, үсэг өрсөн хэвийг сонин дээр хэвлэдэг байлаа. Монголд чөлөөт сэтгүүл зүй хөгжиж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл сэтгүүл зүйн уламжлалт арга барил өөрчлөгдөж байна. Одоо тэр үетэй харьцуулахад, технологи хөгжсөн, түүнийгээ дагаад хүн нь ч чадваржсан. Асар их өөрчлөлт бий болсон ч сэтгүүлч хүн шударга, мэргэжлийн, ёс зүйтэй байж, иргэдийнхээ мэдэх эрх, нийгмийнхээ хөгжилд үйлчлэх нь хамгийн эрхэм чанар юм.



Алтан гадас одон хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн Тоймчдын албаны дарга Н.Саранчимэг: 100 жилийн түүх бол улсын хэмжээнд үнэлэгдэх цаг хугацаа. Энэ түүхийн нэг хэсэг, эд эс болж, өндөр босгыг нь давж, өнөр бүлд нь багтсаны хувьд, тэнгэрийн Алтангадас энгэртээ зүүх алтан боломж тохиосонд туйлын баяртай байна. Ардын хувьсгалын анхны ялалтыг дэлхий нийтэд зарласнаас хойш Монголын түүхэн замналыг бичиж байгаа МОНЦАМЭ агентлагаараа бахархахаас өөр аргагүй юм.



Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн, МОНЦАМЭ агентлагийн МОНТА теле студийн найруулагч-редактор Ж.Эрдэнэмөнх:  Байгууллага маань 2010 онд анх теле студи нээхэд, эвлүүлэгчээр ажилд орж байлаа. Одоо манай студи дэлхийн 56 улсыг багтаасан, Ази, номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын “ОАНА” хэмээх байгууллагад Монголын тухай дүрст мэдээг англи, орос, хятад, япон хэлээр бэлтгэн нийлүүлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

МОНЦАМЭ агентлагийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр

Хэвлэх үйлдвэрийн албаны дарга С.Баярсайхан

Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбаяр

МОНЦАМЭ агентлагийн Булган аймаг дахь сурвалжлагч М.Батжаргал


Алтангадас одон:

Дотоод мэдээний албаны сэтгүүлч Б.Болд

Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Э.Намжилмаа

“Монгол Мессенжер” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Өөлүүн

“Новости Монголии” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа

Санхүүгийн албаны дарга С.Золзаяа

Тоймчдын албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Саранчимэг

“Новости Монголии” сонины сурвалжлагч-орчуулагч Г.Батцэцэг

Хэвлэх үйлдвэрийн албаны дэвтэрлэгч С.Дашдулам

Хэвлэх үйлдвэрийн албаны дэвтэрлэгч Д.Дунгармаа


Хөдөлмөрийн хүндэт медаль:

“МОНТА” теле студийн Найруулагч-редактор Ж.Эрдэнэмөнх

Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн газрын дарга Д.Онон

Гадаад мэдээний албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нямтулга

Төсөл, хамтын ажиллагааны албаны дарга Б.Батбилэг

“Монгол Мессенжер” сонины сурвалжлагч-орчуулагч М.Өнөрзул

“МОНТА” теле студийн зураглаач Ч.Гэрэлт-Од

МОНЦАМЭ агентлагийн Завхан аймаг дахь сурвалжлагч Б.Мягмарсүрэн

Хэвлэх үйлдвэрийн албаны Ахлах техникч Ц.Бямба-Очир

Гадаад мэдээний албаны орчуулагч-редактор Д.Жаргал

Захиргаа, үйлчилгээний албаны архивч Б.Долгорсүрэн

“Мөнгү Шяоши Бао” сонины орчуулагч-С.Мягмардулам

Холбоотой мэдээ