АНУ, БНХАУ-ын удирдагч нар цахимаар уулзана
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар маргааш буюу энэ сарын 16-ны өдөр цахимаар уулзана.
Энэ талаар Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хэлэхдээ, “Энэ удаагийн уулзалтын зорилго нь тодорхой үр дүнд хүрэх бус харин “үр дүнтэй өрсөлдөөн”-ий нөхцөлийг тогтоох болон АНУ өөрийн болон холбоотнуудынхаа үнэ цэнийг хамгаалах зорилготой юм” гэв.
Ж.Байден засгийн эрхэнд гарснаас хойш 10 сарын дараа ийнхүү хоёр орны төрийн тэргүүн нар анх удаагаа цахим хэлэлцээр хийхээр болж байна.
Зарим судлаачийн үзэж буйгаар, цахим дээд хэмжээний уулзалт нь хоёр орны харилцааг дахин шинээр эхлүүлэх “товч”-ийг дарж чадахгүй ба өрсөлдөөний үндсэн зарчмын талаар шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг талууд чармайх болно гэж үзжээ.
Ж.Байденыг албан тушаалдаа очсоноос хойш хоёр орны төрийн тэргүүн нар энэ оны 2-р сард болон 9-р сард утсаар ярьсан ба хамгийн сүүлд утсаар ярих үеэрээ өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудалд гол анхаарлаа хандуулж байсан. Тиймээс энэ сэдэв энэ удаагийн уулзалтын гол сэдэв хэвээр байх болно.
Цагаан ордонд болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр Псаки сэтгүүлчийн асуултад хариулахдаа, хоёр улсын төрийн тэргүүн нар өрсөлдөөнийг хэрхэн хариуцлагатай зохицуулах, ашиг сонирхол нийцэж буй салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцах болно гэсэн мэдээлэл өгөв.
Харин БНХАУ-ын ГХЯ-ны мэдээнд, уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа болон харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцоно гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар 9-р сард утсаар ярьснаас хойш хоёр орны харилцаанд ерөнхийдөө бага зэрэг дулаарал ажиглагдсан. Сүүлийн хоёр долоо хоногт зохион байгуулагдсан Их 20-ын уулзалт, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн хурал, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр талууд санал зөрөлдөөнтэй байсан ч ширүүн сөргөлдөөн байгаагүй байна. Гэвч Тайваний асуудал, шинжлэх ухаан технологийн дайн, өмнөд Хятадын тэнгисийн асуудал зэрэг сэдэв дээр талуудын харилцаа хурцадмал хэвээр байгаа юм.
Энэ сарын 9-нд АНУ-ын Бүгд Найрамдах намын сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүд Тайваньд айлчлал хийх үед БНХАУ-ын ГХЯ “Өдөөн хатгасан үйл ажиллагаа” хэмээн АНУ-ыг хурцаар шүүмжилж байсан билээ.