Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 02:13:45

Булган aймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж Засаг даргаар Булган аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Зоригтбаатар овогтой Батзоригийг нэрийг дэвшүүллээ.

Нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо. З.Батзориг нь 1982 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Угсаатан судлаач, түүхийн багш мэргэжлээр МУИС - ыг 2003 онд,  2012онд Улаанбаатар хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. 2003 - 2006 онд Булган аймгийн ЗДТГ - т аймгийн Засаг даргын туслах, төрийн албаны хэрэг хөтлөгч, 2006 - 2015 онд аймгийн БСГ - т мэргэжилтнээр, 2015 оны 3 дугаар сараас аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байна. Төрөөс боловсрол соёлын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ аймаг орон нутгийн  "Боловсролын салбарыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө", "Морин хуур", "Уртын дуу", "Аймгийн соёлын бодлого", "Аймгийн боловсролын шинэчлэлийн хөтөлбөр" зэргийг боловсруулан батлуулахад гар бие оролцсон байна. 2010 онд "Жайка" олон улсын байгууллагын шугамаар Монгол улсын бага дунд боловсролын салбарын залуу удирдагчид бэлтгэх" сургалтанд хамрагдан Япон улсад мэргэжил дээшлүүлжээ. Түүнийг МУИС - ийн  Булган аймгаас төгсөгчдийн холбооны тэргүүн, Багшийн хөгжлийг дэмжих  төвийн Булган аймаг дахь салбарын тэргүүн, Булган аймгийн залуу багш нарын холбооны тэргүүн зэрэг олон нийтийн сонгуульт ажлыг амжилттайгаар залгуулан авч яваа бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үзсэн учраас аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж байгаа юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ