Сэлэнгэ сумын сургуульд эко кабинет байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-15 18:12:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Сэлэнгэ суманд ажиллаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн эко кабинетын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар (KfW) дамжуулан Монгол улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна. БОАЖЯ, БШУЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд сургуулиудад эко кабинет байгуулахаар болсон байна. Энэ төсөл улсын хэмжээнд 48 сургуульд хэрэгжиж байгаагаас тус аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сумын сургуулиуд хамрагдсан юм. Сургуулийн багш, сурагчийн гарын авлага, видео бичлэг, багш нарыг чадваржуулах олон удаагийн сургалт, дадлага ажлыг зохион байгуулж, кабинетыг ширээ сандал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангасан байна.

- Тогтвортой хөгжлийн боловсролыг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн шингээж болох талаар жишээ, жишиг хөтөлбөртэй болсноор сургалтын арга барил сайжирч, арга зүйн санаа, ээлжит, нэгж хичээлийн хөтөлбөрийн боловсруулахад бусад аймгийн нэг мэргэжлийн багш нараас туршлага хуримтлуулсан, багаж тоног төхөөрөмж бүрэн хангаж өгсөн нь илүү үр өгөөжтэй байна. Нөгөө талаар экскурс, аялал, туршилт, дадлага ажил хийж байгаа нь сурагчид багаараа суралцах чадвар нэмэгдэж, хичээлд оролцох сонирхол ихэссэн үр дүнтэй байна гэж аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Ганболд хэллээ.

Холбоотой мэдээ