Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-18 15:55:38

Булган /МОНЦАМЭ/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, газрын дарга Д.Батмөнх, хэлтсийн дарга С.Цогтгэрэл нар Булган аймагт ажиллаж, аймгийн удирдлага, салбарын албан хаагчидтай санал солилцлоо.

Тус аймаг нь 2022 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, олон тулгуурт эдийн засгийн бодлого баримталж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд айргийн баяр, айргийн фестиваль, “Элсэн тасархай” авторалли уралдаан, “Улаан хад” хөгжмийн наадам, “Хангинахын шугуйн шагайн тойром”, өвлийн спортын бага наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ онд 986,0 мянган мод тарина.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглалтыг сайжруулах зорилгот техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилготой байгааг салбарын сайдад танилцууллаа.

Орхон аймагтай хил залгаа газарт мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжих, шарил чандарлах газар байгуулах талаар сайд Б.Бат-Эрдэнэ санал тавилаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ