БУЛГАН: Олон нийтийн эрүүл мэндийн 95 ажилтан бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-07 16:13:43

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа аймгийн хэмжээнд олон нийтийн эрүүл мэндийн 95 ажилтныг бэлтгэж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж байна гэж ярилаа.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн эрүүл мэндийн ажилтны оролцоо” төслөөр олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг сургасан бөгөөд тэдэнд халдварт болон халдварт бус өвчний талаар мэдлэг, хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, ахмадын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, хор болон буруу зуршлын тухай ойлголт зэрэг чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгсөн байна.

Сум бүрт тав, Булган суманд 15 олон нийтийн эрүүл мэндийн ажилтан ажиллуулахаар төлөвлөжээ. Аймгийн Эрүүл мэндийн газар олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг ажиллуулах хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангахад бусад салбарын оролцооны талаар ухуулга нөлөөллийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон нутгийн шийдвэр гаргагчид болон байгууллагуудын удирдлага, аймгийн “Эрүүл мэндийн салбар зөвлөл”-ийн гишүүд өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрт илрүүлэг үзлэг болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, “Эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны урамшуулал болон ажиллах идэвх оролцоог дээшлүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ