БУЛГАН: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-29 16:59:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний нэгдсэн цэг “E-Mongolia төв байгуулж өнөөдөр нээлээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй болсноор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд төрийн 63 байгууллагын 689 үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай авах боломжтой болж байна.


Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ: -Шинэ сэргэлтийн бодлого, “Цахим үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж боломж бүрдэж байна. Технологийн хувьсгалыг дагаад төрийн ажилд хүний оролцоо бага болж, хүнд суртал буурч, иргэд цаг хугацаа, орон зайг хэмнэн, түргэн шуурхай үйлчлүүлэх цаг ирлээ гэлээ.


Цахим хөгжил, харилцааны холбооны яамны “E Mongolia академи” ТӨҮГ-ын ажилтан Г.Будням “Манай улс дэлхийн цахим засаглалын индексээр дөрвөн жилийн өмнөхөөс 18 байраар урагш алхаж 74 дүгээр байрт орсон тухай НҮБ-ын томоохон конвенц дээр өчигдөр дурдлаа. Энэ нь манай улсад төрийн үйлчилгээ цахимжиж байгаагийн нэг илэрхийлэл гэж хэллээ.


Тус аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг 300.0 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулсан байна.

Холбоотой мэдээ