Европын төрийн албан хаагчдад шашны хувцас өмсөхийг хориглохыг зөвшөөрөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /ВВС/. Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын эрх баригчид төрийн албан хаагчдыг бурка, хижаб зэрэг шашны итгэл үнэмшилтэй холбоотой хувцас өмсөхийг зөвшөөрөх эсвэл хориглох эрхтэй болж байна. Ийм шийдвэрийг Европын Холбооны шүүхээс гаргалаа.
Уг асуудлаар шүүх хурал болсны шалтгаан нь Бельгийн зүүн нутгийн Льеж мужийн Ансе хотод саяхан болсон явдал байв. Тодруулбал, Ансе хотын захиргааны ажилтан эмэгтэйд ажил дээрээ хижаб буюу толгойн алчуур зүүхийг хориглосны дараа тухайн эмэгтэй шашин шүтэх эрх нь зөрчигдөж байна хэмээн шүүхэд ханджээ.
Тус хотын захиргаанаас өмнө нь ажилд авах шаардлагаа өөрчилж, төвийг сахих зарчмыг хатуу баримтлан хувцаслах, шашин шүтлэг, үзэл суртлын итгэл үнэмшлээ ил тод харуулахгүй байхыг ажилтнууддаа үүрэгджээ. Нэхэмжлэгч нь оффисын менежерээр ажиллаж байсан тул тус байгууллагад ирж буй гадны зочдыг хүлээж авах ажлыг хариуцдаггүй байсан аж.
ЕХ-ны шүүхээс "захиргааны байгууллагад төвийг сахисан орчныг бүрдүүлэхэд" чиглэсэн хувцаслалтын хатуу жишгийг үндэслэлтэй гэж үзэж болно гэж шийдвэрлэжээ. Гэхдээ шашны итгэл үнэмшлийг нь илэрхийлсэн хувцас өмсөхийг зөвшөөрсөн засаг захиргааны өөр байгууллагад ажиллаж байсан бол тухайн эмэгтэй ийм хувцас өмсөх эрхтэй гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна.
ЕХ-ны гишүүн орнуудын эрх баригчид төрийн албан хаагчдынхаа хувцаслалтын дүрэмд "төвийг сахих" хэм хэмжээг бие даан тодорхойлох эрхтэй гэдгийг шүүх онцоллоо.
Лалын шашинт эмэгтэйчүүдэд уламжлалт хувцас өмсөхийг зөвшөөрөх эсэх тухай маргаан Европт олон жилийн турш үргэлжилж байна.
Франц бол 2010 онд олон нийтийн газар нүүрээ битүү халхалсан лалын хувцас өмсөхийг хориглосон ЕХ-ны анхны гишүүн улс юм. Энэ онд тус улсад мусульман шашинт сурагч охид үндэсний даашинз болох “абаяа” өмсөхийг хориглосон байна.
2017 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Бундестаг төрийн албанд
ажиллаж буй эмэгтэйчүүдийг никаб, бурка гэх мэт нүүрээ халхалсан толгойн
алчуур зүүхийг хориглосон хуулийг баталжээ.
2018 онд Дани улсад олон нийтийн газар нүүрээ халхлахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлсний дараахан олон нийтийн газарт никаб өмссөний төлөө анх удаа торгууль ногдуулж байв.
“Human Rights Watch” хүний эрхийн байгууллагаас энэхүү хоригийг "ялгаварлан гадуурхсан шинжтэй, аюултай хандлага" гэж мэдэгджээ.