АРХАНГАЙ: Аймгийн 7 хоршоо, аж ахуйн нэгж 906.0 сая төгрөгийн санхүүжилт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-01 10:25:29

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газрын ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас энэ онд хоёр удаагийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.


Эхний буюу энэ оны 2 сард зарласан зээлээс Архангай аймгийн 5 аж ахуйн нэгжид 530.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, 12 ажлын байрыг шинээр бий болгосон байна.


Харин тус сангаас дахин өнгөрсөн 9 дүгээр сард “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/512 тоот тушаалаар төсөл сонгон шалгаруулахад жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй төрөлд Архангай аймгийн Жаргалант сумын “Алтан нутаг СУНН” ХХК-ийн хэрэгжүүлэх жимсний аж ахуйд 210.0 сая, загвар хоршоог дэмжих төрөлд Өлзийт сумын “Цэлмэг Орхон” хоршооны хэрэгжүүлэх махны хөргүүртэй агуулах бүхий мал нядалгааны үйлдвэр байгуулах төслийг 166.0 сая төгрөгөөр тус тус дэмжиж зээл олгохоор болсон байна. Дээрх хоёр аж ахуй нэгж нь төслүүдийг эхлүүлснээр шинээр 15 ажлын байрыг бий болгож байна.


“Алтан нутаг СУНН” ХХК болон “Цэлмэг Орхон” хоршоо нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэх зорилгыг тавьжээ. 

Холбоотой мэдээ