АРХАНГАЙ: “Дүдү машин” аймгийн аварга шалгаруулах уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлсэн.
Хүүхдэд инженер, техникийн суурь ойлголт, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх зорилготой “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Дүдү боловсролын сан”-тай хамтран орон даяар гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүд зохион байгуулж байгаа бөгөөд тус тэмцээнд шалгарсан оролцогчид олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт хоёр өдрийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдан, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Архангай аймагт “Дүдү машин” аймгийн аварга шалгаруулах уралдааныг 4 дүгээр сарын 24-ний өдөр Тамир кино театрт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, оролцогчдыг бүртгэж эхлээд байна. Уралдааныг 5-7, 8-10, 11-13, 14-17 насны ангиллаар явуулах бөгөөд ангилал тус бүрийн 1, 2 дугаар байрт шалгарсан оролцогчид “Найрамдал” зусланд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.
Хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээх явцдаа асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх зэрэг ирээдүйн чухал ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ гэр бүлээрээ хамтран оролцох боломж бүрдэж, гэр бүлийн уур амьсгалыг дэмжсэн ач холбогдолтой хөтөлбөр болж байна.