Багш нарын гуравдугаар бага хурал Булган аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-25 13:08:58

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон явуулдаг Багш нарын III бага хурал энэ удаа Булган аймагт зохион байгуулагдана.

ЕБС болон инженер технологийн чиглэлийн их дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын агуулгад шинжилгээ хийх зорилготой тус хурал “Сургалтын агуулгын шинжилгээ” сэдвийн дор явагдах бөгөөд ерөнхий илтгэл, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

2016 оны 10 сарын 15-ны өдөр Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн байранд болох энэ удаагийн хуралд англи хэлний заах арга зүйтэй холбоотой асуудлыг хөндөж байгаагаараа онцлог юм. Мөн ЕБС-ийн байгалийн ухааны багш нар хамрагдах боломжтой. Бүртгэл 2016 оны 10 дугаар сарын 07-ыг дуустал явагдана.

Хуралд илтгэл тавих хүсэлтийг info@gmit.edu.mn хаягаар хүлээн авах юм байна. Мөн  тус бага хуралд орон нутгаас оролцож буй оролцогчдын байрлах байр болон өдрийн хоол, цайны завсарлагыг зохион байгуулагч тал, харин бусад зардлыг өөрсдөө хариуцахыг анхааруулсан байна. 

                                                                                                                                      П.Батням

Холбоотой мэдээ